“ЭРДЭНЭСИЙН ХОТ” байгуулах гарааг эхлүүлжээ
Эх сурвалж: Өнөөдөр сонин, www.unuudur.mn
 
Төрийн өмчит уурхайн нүүрсийг анх удаа боловсруулсан буюу угаасан байдлаар экспортлох автомашины цуваа өнгөрсөн сарын 29-нд урд хөрш рүү хөдөллөө. Мөн нэгэн он улирах дөхөж буйтай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил хийж хэрэгжүүлсэн зарим ажлаа орон нутгийн иргэд, малчдад тайлагнах, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн зүйлсээ таниулах, тэдний саналыг сонсох, уурхайн нөлөөллийн бүс дэх Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэх шийдвэрийг танилцуулах, харилцан ярилцах зорилготой уулзалт хийв. Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулдаг аж ахуйн нэгж, жолоочийн хөдөлмөрийг үнэлэх, идэвхжүүлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай, хамтран ажиллах боломжийг өсгөхөөр “Саятан жолооч” шалгаруулан, урамшуулал олгох зэрэг арга хэмжээг арваннэгдүгээр сарын 29-30-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн “Цанхи” хотхонд зохион байгууллаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани сүүлийн гурван жилд нийт 1.24 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ оны ашгийн хэмжээ 1.2 их наядад хүрэх тооцоо бий.
 
Бид өмнөх жилүүдийн үйл ажиллагааны талаараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд Засгийн газар, холбогдох яамдтай зөвшилцөн Тавантолгойн ордын дэд бүтцийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу төмөр болон авто замын бүтээн байгуулалт, “Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлэн, ажлыг нь эхлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Мөн нүүрс боловсруулах болон химийн үйлдвэр, уурхайн хотхон байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлан, олон улсын зах зээлд IPO гаргахтай холбоотойгоор бүрдүүлбэл зохих бичиг баримт, санхүүгийн тайлан, мэдээллийн ажлын бэлтгэлийг 95 хувьд хүргэсэн. Товчхондоо, бид орон нутаг болон ашигт малтмалын ордыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, 2025 он гэхэд Цогтцэций сумыг 100 000 хүн ажиллаж, амьдрах боломжтой “Эрдэнэсийн хот” болгон өргөжүүлэх суурийг тавих гараанд хүрсэн хэмээн ойлгож болно. 
 
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом унах, эрэлт буурах нь мэдээж компанийн гол эрсдэл. Гэхдээ урд хөршийнхөн бүтээн байгуулалтаа эрчимжүүлсэн хэвээр, австраличууд нүүрсний олборлолтоо танаж буй, манай бүтээгдэхүүн өндөр түвшний коксжих чанартай зэрэг нь ирэх 3-5 жил давуу тал болох болов уу. Түүнчлэн нүүрсний үнэ 2020 оны нэгдүгээр улиралд буурах ч, цаашид жилийн турш тогтвортой хадгалагдах тооцоо бий нь бидэнд төлөвлөснөө хэрэгжүүлэх, хөл дээрээ илүү бат зогсох боломж олгоно” хэмээн ярив.
 
Нүүрс угааж буй “Их говийн илч” компанийг “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэн, өнгөрсөн жилийн зургадугаар сард байгуулан, энэ оны хоёрдугаар хагасаас бүтээгдэхүүнийг нь туршилтын байдлаар БНХАУ руу нийлүүлжээ. Захиалагчийн шаардлагаар боловсруулан нүүрснийхээ чанарыг сайжруулсаар 40 000 тонныг борлуулахаар, анхны цуваагаа хөдөлгөх арга хэмжээг зохион байгуулсныг дээр дурдсан. Цаашид хоногт 80, жилд 500 000 тонн нүүрс угаан, экспортлох боломжтой бөгөөд орон нутаг дахь ажлын байрны тоог одоогоор 40-өөр өсгөжээ. Түүнчлэн нүүрс угаахдаа үйлдвэрийн бүсдээ ашигласан усыг дахин боловсруулдаг буюу саарал ус хэрэглэдэг технологи нэвтрүүлсэн нь давуу тал гэдгээ тус компанийн захирал Р.Мөнхбат онцоллоо.
Аль ч уурхайн олборлолт, үйл ажиллагаа явуулдаг талбай, иргэд, малчдын суурьшлын бүстэй ойр байрлах нь олон бэрхшээл дагуулна. Наад зах нь уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж хязгаарлагдаж, малчдын нүүдэл суудал, малын бэлчээр, амьдрах орчныг хязгаарлана. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэхээр талууд тохиролцоонд хүрчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглах зөвшөөрөлтэй талбайд тус багийн төв нь багтдаг юм байна. Цагаан-Овоод 700 гаруй өрхийн 2300 орчим иргэн амьдарч, 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас гадна “Тавантолгой” компанийн эзэмшлийн талбай ч байдаг гэв. Сүүлийн 2-3 жил тус багийг нүүлгэх, эсэх тухай зөвшилцөж чадахгүй байсан ч ийнхүү нааштайгаар шийдвэрлэгджээ. 2020 онд багтаан багийг нүүлгэх бөгөөд хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтэд үндэслэн нэг айлд 5-7 сая төгрөг, “Тавантолгой”-д 13 тэрбум төгрөг олгохоор болжээ. Харин бусад аж ахуйн нэгжид өгөх нөхөн олговрын хэмжээг хараахан тохироогүй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийгдэж буй, аж ахуйн нэгжүүд нүүхээр зөвшөөрснийг тэмдэглэв. Уулзалтын үеэр малчид өвс авахад, өвөлжөөгөө тохижуулж, хашаа хороо барихад, залуусыг малжуулахад туслах, худаг бүрийг нэг айлд хариуцуулах зэрэг санал гаргахын зэрэгцээ бэлчээр нутгийн дагуух автомашины “хөлөөр” босдог тоосжилтыг бууруулахад анхааран, дорвитой ажиллахыг хүслээ.
 
“Эрдэнэс Тавантолгой”-чууд 2014-2019 онд Цогтцэций сумын нутагт 27 худаг сэргээн засварлан, усны ундаргыг нь сайжруулж, түвшнийг нь хэмжих багаж суурилуулсан аж. Түвшин хэмжигч суурилуулснаар тухайн худгийн усны зарцуулалтыг тооцон, шаардлагатай тохиолдолд ашиглахаа зогсоон, өөр талбайд худаг гаргах боломжийг хайх гэнэ. Одоогоор ашиглаж буй худгуудын усны түвшин анхаарал татахуйц хэмжээнд хүртэл буураагүйг мэргэжилтэн нь дурдав. Мөн туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар “Ногоон говь” төсөл санаачлан, 10-15 га талбайд мод үржүүлэхээр төлөвлөн, багадаа 60 000 ширхгийг тарин, орчныг нь зүлэгжүүлэх ажил эхлүүлснээ танилцуулав. Одоогоор 20 000 мод тарьсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард уурхайн хамт олон 3000 орчмыг нэмж суулгасан гэлээ. Түүнчлэн энэ оны зургадугаар сард 120 ам метр талбайтай өвлийн хүлэмж байгуулан, нарийн ногоо тариалж, 3-4 төрлийн, 250 орчим кг хүнсний ногоо хураан авсан нь говьд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх загвар болох боломжтой гэв. 
 
Ирэх жил хүлэмжийн тоог нэмэгдүүлэн, тариалалтаа эрт эхлүүлснээр хураах ургацынхаа хэмжээг 2-3 дахин өсгөх боломжтойг ч дурдлаа. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэклогийн сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран нүүрс олборлолтын явцад хөрс болон нүүрсэн давхарга хоорондын биогений гаралтай тунамал чулуулгийн хаягдал хурдсаас гумины бордоо гарган авах судалгааг эхлүүлж, бордоо хийх ашигт түүхий эд хангалттай, үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж урьдчилан дүгнэжээ. Хэрэв бордоо үйлдвэрлэж эхэлбэл “Ногоон говь” төслийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн өвсний ургацыг сайжруулахад их дэмжлэг болох юм. Түүнчлэн байгаль орчны үнэлгээг тогтмол хийлгэн, авто замын сул шороог хусах хуваарийг мөрдүүлж эхэлсэн, ирэх онд дүйцүүлэн хамгаалах талбайн хэмжээг 80 га хэмээн тооцон, 200 сая төгрөг зарцуулахаар төсөвлөснөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа мэдээлэв. Мөн Цогтцэций сумын төвд, хоёр га талбайг тохижуулан, 700 гаруй мод тарин, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулж буйгаа дуулгалаа. Уг хүрээлэнг 2020 оны эхний хагаст багтаан ашиглалтад оруулах юм. Энэ мэтчилэн хийж буй ажлууд нь компанийн нийгмийн хариуцлага боловч орон нутгийн иргэд, малчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бэлчээр нутаг, худаг усаа урт хугацаанд ашиглах, улмаар уурхай дагасан тосгон, сум, хотын өнгө төрхийг сайжруулах, цаашдын хөгжилд нь түлхэц болох олон ажлын нэгээхэн хэсэг гэдгийг онцолж байлаа.
 
“Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт, борлуулалт л хийдэг бол бүтээгдэхүүн тээвэрлэлтийг нь туслан гүйцэтгэгч компаниуд, жолооч нар “үүрдэг”. Богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг юм байна. Уурхайн олборлолт арвин, борлуулалтын төлөвлөгөө өндөр байсан ч найдвартай, тасралтгүй тээвэрлэлт тун чухал. Үүнийг харгалзан, тээвэрчдийг урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор санаачилсан ажил нь дээр дурдсан “Саятан жолооч” гэнэ. Хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээнд дээрх бүх аж ахуйн нэгж, жолоочийн дунд нээлттэй уралдаан зарлажээ. Тэдгээрээс шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулан нийт 285 сая төгрөгөөр урамшууллаа. 
 
Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлжээ. 2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгаран, таван сая төгрөгийн урамшуулал хүртсэн Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог. Өөрөөр хэлбэл, 21 хоног ажиллаад, долоо хоног амардаг. Жолооч болоод 15, “Говь транс” компанид харьяалагдан “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.
 
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажил буцалж байна. 820 ажилчинтай тус компанийн уурхайн кемпэд 600 хүн хоёр ээлжээр, тасралтгүй ажиллаж буй. Сүүлийн 1-2 жилд кемпийнхээ өнгө төрх, ахуй нөхцөлийг улам бүр сайжруулан, ажилчдаа илүү тохь тухтай орчинд байлгах боломж бүрдүүлсээр буйдаа тэд сэтгэл хангалуун байх юм билээ. Уурхайчид 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг хуваарийг мөрдүүлсэн нь бусад уурхайд жишиг болох боломжтой гэнэ. Энэ нь ажилчдын ажил, амралтын тэнцвэрийг хадгалсан, ар гэртээ болон хувь хүний хөгжил, сурч боловсрохдоо зарцуулах цагийг нэмэгдүүлсэн, хамт олных сэтгэлд тун нийцсэн шийдвэр болжээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н туслан гүйцэтгэгч, гэрээт компанийн ажилчдын тоо энэ жил өнгөрсөн оныхоос 10 гаруй хувиар өсөн, 4800 орчимд хүрсэн байна. Үүнээс гадна Тавантолгойн ордыг түшиглэн амьдрал ахуйгаа залгуулдаг тээвэрчдийн тоо 14 000 гаруй бол, зам дагуух үйлчилгээний төв, зоогийн газарт ажиллагсад, бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоо ч жил ирэх бүр өсөж буй нь 100 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах шинэ хотын ерөнхий зураг хэмээн ойлгоход буруудахгүй болов уу.
 
НИЙТЭЛСЭН: 2019-12-02 өдөр 14:36:4 цаг