Э.Баатарцогт: Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ашгаас хүртсэн
Эх сурвалж: Buzznews.mn
 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа. Иргэн бүрийн халаасанд байгаа хувьцаа хэзээ амь орж, ашгаа хүртээх вэ гэх асуулт байсан юм. Засгийн газрын 296 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгахыг үүрэгдсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.  
 
-Хувьцааны талаарх иргэдийн ойлголт тун хомс байх шиг байна. Энэ талын мэдлэг, мэдээллийг иргэдэд илүү түлхүү олгох ёстой юм шиг. Энэ чиглэлээр танай төвөөс ямар ажил хийдэг вэ?
 
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төв Уул уурхайн яамны нээлттэй өдөрлөгт оролцож байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хувьцааны данс нээхээс гадна хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдээлэл өгч байна. “1072 мэдээллийн төв”-ийн гол зорилго нь компанийн засаглалыг ил тод байлгах, иргэдэд санхүүгийн мэдлэг олгох юм. Мөн хувьцааны талаар иргэдэд мэдээлэл өгөхөд оршино. Иргэд санхүүгийн суурь мэдлэггүйгээс буруу ойлголт ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор 21 аймаг, 9 дүүрэгт сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
 
-Иргэдийн хамгийн ихээр асуудаг асуулт нь хувьцааны эрхийг хэзээ нээх вэ, хэрхэн зарах вэ?
 
-Яг тийм. 1072 ширхэг хувьцаатай холбоотой иргэдийн гол асуулт нь хувьцааг хэзээ нээлттэй болгох, хэрхэн зарах, ноогдол ашиг хэдэн төгрөг болох, хэзээ авах вэ. Өөрөөр хэлбэл, хувьцааны өгөөжийг хүртмээр байна гэдэг. Иргэд хувьцааны ногдол ашиг хүртэж байснаа огт мэддэггүй. 1072 хувьцаа 2010 онд анх олгогдсон. Түүнээс хойш 9 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдэд өгөөжөө өгсөн. Гэхдээ иргэд үүнийг сайн ойлгодоггүй.
 
-Тухайлбал..?
 
-Тухайлбал, иргэн бүрт өгч байсан 21000 төгрөг. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос өгсөн. Дараа нь эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 615 мянган иргэний асуудлыг шийдвэрлэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууд “Эх орны хишиг” нэрээр сая төгрөг авсан. Мөн сургалтын төлбөр авсан 277 мянган иргэн бий. Үнэндээ Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ашгаас хүртсэн. Гэсэн хэдий ч үүнийгээ сайн ойлгодоггүй. Харин 9 жилийн хугацаанд энэ компани юу хийсэн, ноогдол ашгаа яагаад хүртээдэггүй юм гэх байдлаар ханддаг. Компани 2011-2016 оны хооронд 681 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулж ирсэн.
 
-Чалкогийн өрийг хэлж байна уу?
 
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2011- 2016 он хүртэл 681 сая ам.долларын  өр төлж байгаад 2017 онд 471 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн татварын ашигтай ажилласан.  Гэвч ашигтай ажиллаад ирэхээр мөнгөтэйн зовлон эдэлж байна. Иргэд болохоор олсон ашгаа тараах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнээр нэг боомтоор үйл ажиллагаа явуулж байсан бол одоо хоёр гарцаар буюу хоёр боомтоор нүүрсээ тээвэрлэж эцсийн бүтээгдэхүүн хийж ашгаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна. Мөнгөн хөрөнгөө зөв үр ашигтай зарцуулахаас энэ бүхэн шалтгаална. Тиймээс компани, иргэд хоорондын итгэлцэл дээр ирээдүй цэцэглэн хөгжих явдал шалтгаалж байгаа юм.
 
-Гэвч иргэдийн төрд итгэх итгэл алдагдсанаас үүдэж бүтээн байгуулалт нэрийдлээр нэг хүн идчихвий гэж болгоомжилдог шүү дээ?
 
-Компани ашигтай ажиллаж эхэлсэн. Тэгэхээр их мөнгө авах нь гэж ойлгоод байдаг. 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчид олсон ашгаа тараахаар нэг иргэнд ногдох нь 26800 эсвэл 13000 төгрөг байх жишээтэй. Үүнийг сонсоод зарим нь чамладаг. Мэдээж иргэддээ ногдол ашиг хүртээх ёстой. Энэ хүрээнд ч ажиллаж байгаа. Энэ бүхнийг иргэд маань ойлгох ёстой. Энэ мэдээллийг хүргэхийн тулд 330 суманд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн компанийн ил тод байдлын хүрээнд иргэдэд мэдээ мэдээллийг байнга хүргэхийн тулд бүртгэлийн  нэгдсэн системийг бий болгосон. Энэ системээр дамжуулан та хэдэн ширхэг хувьцаатай байгаагаа мэдэх боломжтой. Ингэснээр иргэд заавал цаг зав, мөнгө зарж, хувьцааны данс нээлгэх, ногдол ашгаа асуух шаардлагагүй болж байгаа юм.
 
-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн хувьцааны дансаа нээлгээд байгаа вэ?
 
-Хувьцааны дансыг 1.7 сая гаруй иргэн нээлгэсэн. Хувьцааны данс нээхийг иргэд төдийлөн сайн ойлгохгүй байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ашиг хүртэх төдийхнөөр ойлгодог.
 
-Өөр ашиг тустай гэж үү?
 
-Данс нээлгэснээр тухайн хүн хөрөнгийн зах зээлийн талбар дээр очиж, 220 компанийн хувьцааг худалдаж авах боломж нээгдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцааг худалдаж авснаар эх орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тэр компани ажлын байр бий болгож, тогтвортой ажиллах боломж бүрдсэнээр татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр хувь хүн хоёр янзаар ашиг хүртэнэ. Тухайлбал, ханшийн зөрүүн дээрээс ашиг хүртэх боломжтой. Уг нь иргэдэд эдийн засаг болон хувьцааны талаарх мэдээллийг түлхүү өгсөнөөр дэлхийн томоохон ордуудын хувьцааг иргэдэд олгож, баялгийг тэгш хуваарилах, зөв засаглалыг бий болгох гэсэн хувилбар руу явах ёстой. Нэг хүнд олгож байгаа ноогдол ашгийг өгөөж нь маш бага, харин олуулаа нийлээд үйлдвэр нээж бүтээн байгуулалт өрнүүлбэл, эсвэл тэтгэврийн санд хуримтлуулбал өгөөж нь илүү юм. Түүнээс бус бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь ач холбогдолгүй.
 
-Хувьцаа эзэмшиж байгаад нас барсан хүмүүсийн хувьцааг өвлүүлэх асуудал бүрхэг хэвээр. Ашиг шимийг нь хүртэж чадахгүй байсаар өөд болох нь гэх хандлага ч түгээмэл. Тэдэнд та юу хэлэх вэ?
 
-2012 оноос хойш хувьцаа эзэмшиж байгаад нас барсан хүмүүсийн хувьцааг хэрхэх нь одоогоор хаалттай байна. Компани нээлттэй болсны дараа өв залгамжлалын эрх нээгдэнэ.
НИЙТЭЛСЭН: 2019-09-26 өдөр 09:47:5 цаг