Мэндчилгээ
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан  төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болсон нь бидний ажлын томоохон үзүүлэлтийн нэг болоод байна.  
 
Өнгөрсөн онд  манай компани 14.3 сая тонн нүүрс экспортлон, улсад 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,  75 сая метр куб уулын цулын ажил хийж гүйцэтгэсэн нь 2018 оны энэ үетэй харьцуулахад уулын цул 134 хувиар илүү бүтээлтэй ажилласан үзүүлэлт боллоо.
 
Компани өнгөрсөн онд ажлын байр олноор бий болгож, нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон ажлууд хийсэн. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” ХХК-ийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгууллаа. 
 
Түүнчлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Хуримтлалтай Хувьцаатай иргэн” аяныг 2019 оны 10-11 дүгээр сар хүртэл 21 аймаг, 330 суманд амжилттай зохион байгуулав. Аяны хугацаанд нийт 1000 удаагийн сургалтаар 50 мянган хүнд мэдээлэл зөвлөгөө өгөн ажиллалаа. 
 
Мөн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн. 
 
Ажиллагсадынхаа цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүлж, ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр дорвитой ахиц дэвшил гаргаж чадлаа.
 
Төрийн өмчит компаниудаас анх удаа  олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу бид шаргуу ажиллаж байна. IPO  хийснээр  нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажил эхлүүллээ.  Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс-Тавантолгой”-оор овоглосон шинэ хот  сүндэрлэх цаг ч ойрхон байна.  
 
Энэ бол  бидний хамтын зүтгэл, хамтын амжилт юм. Тэр дундаа бидэнтэй хамтардаг, гэрээт болон туслан гүйцэтгэгчээр ажилладаг олон компаниуд, тэдний хамт олны хүч хөдөлмөр, оролцоо ихээхэн чухал байдгийг онцлон хэлмээр байна. 
 
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-04 өдөр 14:53:5 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой