• “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ШИЛЭН ДАНС ХӨТЛӨЛТИЙГ ЖИШИГ БОЛОХУЙЦ ХЭМЭЭН ДҮГНЭЖЭЭ
     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ШИЛЭН ДАНС ХӨТЛӨЛТИЙГ ЖИШИГ БОЛОХУЙЦ ХЭМЭЭН ДҮГНЭЖЭЭ

    Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын судлаачид “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” сэдвийн хүрээнд  өндөр үнийн дүнтэй худалдан авалт тогтмол хийдэг уул уурхайн салбар дахь ТӨК-иудад худалдан авах ажиллагааны ил тод байдал хэрхэн хэрэгжиж буйг судалсан дүгнэлт, зөвлөмжөө танилцуулжээ.

    Судалгаанд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн 9 компанийг сонгож, худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдох хуулийн үүрэг, түүний хэрэгжилтийг хэмжих шалгуурыг Шилэн дансны тухай хууль болон дагалдах журамд заасан үзүүлэлтээр үнэлсэн байна.

    Мэдээллийн бүрдэл, хүртээмж, баталгаажсан байдлын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцвемтет”  компанийн Шилэн данс хөтлөлт харьцангуй сайн байгаа тухай судалгааны тайланд дурджээ.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК  вэб сайтдаа “Эрдэнэс Тавантолгой Шилэн компани” цэс үүсгэж, Шилэн дансны хууль, журмаар шаардаж буйгаас илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа санхүү, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгосон тухай дурьдсан байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг төрийн өмчит уул уурхайн бусад компаниудтай харьцуулахад шилэн дансыг сайн хөтөлж байна хэмээн дүгнэжээ.

    Энэхүү судалгаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Багануур ХК, Шивээ Овоо ХК, Тавантолгой ХК, Могойн гол ХК, Эрдэнэс Силвер Ресурс ХХК, Оюутолгой ХХК-иуд хамрагдсан байна. Судлаачид тайландаа Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр Шилэн дансны цахим систем www.shilendans.gov.mn-д ТӨК-иудын худалдан авалттай холбоотой мэдээллийг ил тод болгосон нэгдсэн мэдээллийн систем бий болж буй нь бусад улс оронд төдийлөн байхгүй сайн жишээ болж байгааг дурджээ.

     

     

    НИЙТЭЛСЭН: 2021-04-30 өдөр 18:22:0 цаг