Монгол Улсын нүүрсний экспортод цар тахал сөргөөр нөлөөлж байна
Ковид-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хилийн боомтуудад импортыг хатуу хязгаарласнаас болж энэ долоо хоногт БНХАУ-руу экспортолж буй Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ доогуур түвшинд хэвээр байна.
Сүүлийн өдрүүдэд Ганцмод боомт дахь Монголын нүүрсний хоногийн гаалийн бүрдүүлэлтийн дундаж тоо 50 тээврийн хэрэгсэлээс хэтрээгүй нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны 200 тээврийн хэрэгсэл, 3 дугаар сарын 15-ны 530 тээврийн хэрэгслээс их хэмжээгээр буурсан үзүүлэлт болоод байна.
Гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт Ньюкасл боомт дахь эрчим хүчний нүүрсний үнэ өмнөх сараас нэлээд өссөн байна.
2021 оны 3 дугаар сарын 19-ний долоо хоногийн байдлаар Ньюкасл боомт, Өмнөд Африкийн Ричардс Бэй боомт, Европ дахь АРА боомтын эрчим хүчний нүүрс өмнөх долоо хоногтой харьцуулахад нийтээрээ өсч, мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
Тухайн долоо хоногт Ньюкасл боомт дахь эрчим хүчний нүүрсний үнэ (6000 ккал) 92.54 ам.дол/тн-д хаагдаж, өмнөх долоо хоногийн 90.3 ам.дол-с 2.48% -иар өсч, өмнөх сарын 85.79 ам.дол/тн-с 7.87 % -иар өссөн бол өмнөх оны мөн үеийн 68.47 ам.дол/тн-с 35.15% -иар өссөн нь 2019 оны 3 дугаар сарын дунд үеэс хойших шинэ дээд үзүүлэлт болжээ.
Коксжих нүүрсний импорт сүүлийн 5 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
2021 он гарснаар коксжих нүүрсний импортын бодит хэмжээ өмнөх оны мөн үеийнх шиг өсөөгүй байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр коксжих нүүрсний импорт 2021 оны 1 дүгээр сард 6.35 сая.тн байсан нь сүүлийн таван жилийн мөн үеийн хамгийн доод түвшин бөгөөд өмнөх оны мөн үеэс 58.1% -иар буурчээ.
Австралийн нүүрсний импортыг хязгаарласнаар Монгол, ОХУ нь БНХАУ-ын коксжих нүүрсний гол ханган нийлүүлэгчид болжээ. 2 дугаар сард БНХАУ нь дээрх хоёр улсаас 2.32 сая.тн коксжих нүүрс импортолсон нь импортын нийт коксжих нүүрсний 71.8 хувийг эзэлж байна. 1 дүгээр сард дээрх хоёр улсаас нийт 4.76 сая.тн коксжих нүүрс импортолсон нь нийт импортын коксжих нүүрсний 75.0% -ийг эзэлж байна.