2010 оны Монгол Улсын Их хурлын 39-р тогтоол, Засгийн газрын 272-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийг байгуулсан. Тус компани нь сайн чанарын нүүрсний Тавантолгой брэнд бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Цанхийн төв хэсгийн гурав, дөрөвдүгээр давхраасын хэмжээнд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцог, Ухаа худгийн хэсэгт урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойн хэсэгт эрэл үнэлгээний ажил хийж гүйцэтгээд байна.
Ордын нийт нөөц баялаг 8.1 тэрбум тонн, жилийн олборлох хүчин чадал 30-50 сая тонн бөгөөд нийт 12 тэрбум ширхэг хувьцаа гаргасан “Эрдэнэс Монгол” ХХК 73.51%, Монгол Улсын 3.4 сая иргэн 26.43%, үндэсний 487 аж ахуйн нэгж 0.1 хувийг тус тус эзэмшиж байна.
Тус компани нь "Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлсэн, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлсэн, үнэ цэн бүхий компани" болох АЛСЫН ХАРААТАЙ, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд болон эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, технологийн хөгжилд тулгуурлан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар олон улсад өрсөлдөх чадвартай сайн засаглал бүхий компани болох" ЭРХЭМ ЗОРИЛГОТОЙ ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, Гашуунсухайт болон Ханги боомтоор 28.8 сая тонн нүүрс экспортолсон. 2025 онд 1.7 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж улсын болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь “Уул уурхай - Дэд бүтэц - Аж үйлдвэрлэл” Хөгжлийн жишиг загвараар төмөр зам, хатуу хучилттай автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, бүс нутгийг эрчим хүч ба усаар хангах төсөл болон төмөр замын нүүрс ачиж буулгах байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна.