“Эрдэнэс Тавантолгой” ХК "А6-20" дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөн ажиллаж буй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр /2022.09.02/ Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа.
Одоогоор Шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан цогц төлөвлөгөөг мэргэжлийн компаниудтай хамтран гаргаад байна. Дээрх төлөвлөлтөөр инженер техникийн шинэ суурьшлын бүсийг байгуулж, 2020-2030 онуудад зургаан чиглэлээр цогц бүтээн байгуулалтыг хийхээр нарийн тусгажээ. Тодруулбал, инженер технологи, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, ногоон хөгжил, боловсрол чиглэлээр шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх юм. Энэхүү төлөвлөлтийг Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн иргэдийн саналыг тусгаж, Монгол Улсдаа анх удаа 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүсийн цогц төлөвлөлтийг гаргаад байгаа юм.
Дээрх төлөвлөлттэй танилцсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддорж нар Өмнөговь аймгийг, тэр дундаа Цогтцэций сумыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөтэй санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийллээ.