“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон жил бүрийн ахмадын баяраар өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил ахмад ажилтнууд Уурхайн олборлолт, борлуулалтын байдал, бүтээн байгуулалттай танилцаж, ажиллаж амьдарч байсан орчиндоо очих хүсэлт тавьсны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эрдэнэс” хотхонд Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Одоогоос 13 жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдаж анхны хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Анхны төлөвлөлт хийж, анхны техникийг жолоодож байсан ахмадууд өргөжин тэлсэн уурхайтайгаа танилцаж, дурсамж яриа дэлгэж, залгамж халаа болсон залуучууддаа зааж зөвлөн ярилцлаа.

Ахмадуудын эхлүүлсэн, бүтээснийг өнөөдөр 1000 гаруй залуус нэр хүндтэйгээр уламжлан авч, ур чадвар, зүрх сэтгэлээ харамгүй зориулж 2023 онд 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг үзүүлсэн. Мөн уурхайчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, шинэ оффис, шинэ хотхон ашиглалтад оруулсан. Энэ бүх амжилт бүтээн байгуулалтаар ахмадууд бахархаж буйгаа илэрхийллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхийг бүтээлцсэн ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК