"Монголын геологи, хайгуул 2025" чуулга уулзалт, үзэсгэлэн “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд 16 дахь удаагаа энэ сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уул уурхайн салбар дотор геологи нь өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй, бие даасан чухал салбар юм. Ашигт малтмал илрүүлэх, нөөц тогтоох үйл ажиллагаа нь олон жил үргэлжилдэг физик, хими, математикийн шинжлэх ухааныг хослуулж лабораторийн судалгааг удаан хугацаанд хийдэг гээд өөрийн онцлог ихтэй байдаг. Тийм ч учраас олборлолтын өмнөх хамгийн том ажлыг гүйцэтгэдэг геологичид 16 дахь жилдээ чуулж өөр өөрсдийн мэдлэг, ололт амжилтын туршлагаа хуваалцаж байна.
Уул уурхай, геологийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага нь хариуцлагатай уул уурхай, түүнийг дагасан орон нутгийн хамтын ажиллагаа нь салшгүй хэсэг болон хөгжиж байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Өнөөдрийн уулзалтаар “Эрэл хайгуул ба орон нутгийн харилцааны асуудал болон боломжууд” сэдвийн хүрээнд уул уурхайн компаниудын төлөөлөл, судлаач, мэргэжлийн байгууллагынхны оролцоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа панелистээр оролцож, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь орон нутагтай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажилладаг бөгөөд орон нутаг болон компанийн төлөөллийг оролцуулсан “Хамтын хороо”-ны гишүүдтэй. Ашигт малтмалын тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн санд тодорхой хэмжээний санхүүжилт оруулж жил бүр дүгнэн ажиллаж байна. Мөн үүнээс гадна байгаль орчны чиглэл, нийгмийн хариуцлагын хүрээнд компани болон туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар олон ажил хийж гүйцэтгэж байгааг онцолсон юм.