“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МАТЕРИАЛ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МАТЕРИАЛ
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Дараах нийтлэг болон чиглэл тус бүрээр заасан тусгай шаардлага хангасан хараат бус 4 (дөрөв) гишүүнийг сонгон шалгаруулна:
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;
3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
6. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
7. Компанитай хууль, шүүхийн маргаангүй, компанийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй ташаа мэдээлэл тараагаагүй байх;
8. Ял, шийтгэлгүй байх;
9. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх.
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Санхүү, эдийн засаг, аудитын чиглэлээр - 1:
a) Санхүү, эдийн засаг, аудитын аль нэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;
c) Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт, аудит, санхүүжилт хариуцсан удирдах албан тушаал эрхэлж байсан ажлын туршлагатай байх;
d) Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
e) Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийх туршлагатай бол давуу тал болно.
2. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн чиглэлээр - 1
a) Бизнес, хөрөнгийн удирдлагын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх;
c) Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
d) Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах ажилд оролцож байсан туршлагатай байх;
e) Санхүү, үнэт цаасны зах зээлийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол давуу тал болно.
3. Хууль эрх зүйн чиглэлээр - 1
a) Эрх зүйч эсхүл олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан байх, үүнээс 5-аас доошгүй жил хуульч мэргэжлээр ажилласан байх;
c) Хуульчийн мэргэшлийн шалгалт өгч, эрх авсан байх /олон улсын хуульчийн мэргэшлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
d) Хөрөнгийн зах зээл, татвар, компанийн засаглал, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгж, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;
e) Уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээл, төслийн хөрөнгө оруулалт чиглэлээр ажиллаж байсан туршлага давуу тал болно.
4. Уул уурхайн чиглэлээр -1
a) Уул уурхайн инженер, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;
c) Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
d) Нүүрсний ордод эдийн засаг, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зардлын хяналт, менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
e) Уул уурхайн томоохон төслүүдэд ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан бол давуу тал болно;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (компанийн аль чиглэлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Ажил байдлын тодорхойлолт (байгууллагын тодорхойлолт эсвэл өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ТҮЦ машины лавлагаа байж болно/;
7. Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа;
8. “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
9. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 11.00 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн (Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв) 1 дүгээр давхар, 104 тоот өрөөнд Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна.
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Нэмэлт мэдээллийг 75055555 (240) дугаарын утаснаас авна уу.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК