2010 оны Монгол Улсын Их хурлын 39-р тогтоол, Засгийн газрын 272-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийг байгуулсан. Тус компани нь сайн чанарын нүүрсний Тавантолгой брэнд бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Цанхийн төв хэсгийн гурав, дөрөвдүгээр давхраасын хэмжээнд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцог, Ухаа худгийн хэсэгт урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойн хэсэгт эрэл үнэлгээний ажил хийж гүйцэтгээд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах, цогцоор хөгжүүлэх зорилгоор геологи, хайгуул, судалгааны ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж Цанхи, Бортээг, Оорцогийн хэсэгт үндсэн 12 давхраас 34 дэд давхраасын хэмжээнд нийт 117 багц үеийг нарийвчлан ялгаж тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд нөөцийг 29 хувиар нэмэгдүүлэн нүүрсний нөөц баялгийг 8.1 тэрбум тонн гэж шинэчлэн тогтоож Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш нийт 123 сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төсөвт 6.3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын Эрдэс баялгийн санг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлэн улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь 2023 оноос биржийн арилжааг амжилттай нэвтрүүлж олборлосон нүүрсээ хил нөхцөлтэйгөөр өндөр үнээр борлуулах ажлыг тогтмолжуулж, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын 3.4 сая иргэнд 345 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 3.4 сая иргэнд 844 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь “Уул уурхай - Дэд бүтэц - Аж үйлдвэрлэл” Хөгжлийн жишиг загвараар төмөр зам, хатуу хучилттай автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, бүс нутгийг эрчим хүч ба усаар хангах төсөл болон төмөр замын нүүрс ачиж буулгах байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна.