БНХАУ АВСТРАЛИЙН ЗАРИМ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭД ИМПОРТЫН ХОРИГ ТАВИЛАА
Эх сурвалж: http://bloombergtv.mn/ Ж.Зоригт
БНХАУ Австралиас импортолдог долоон төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэснээр нүүрс, үр тариа, зэсийн хүдэр, баяжмал, сахар, мод, дарс, хавч зэрэг бүтээгдэхүүний импортод албан бус хориг тавьж байна.
Хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтад БНХАУ-ын эдийн засагт чухал ач холбогдолтой төмрийн хүдэр, байгалийн хий багтаагүй байна. Австрали нь БНХАУ-аас хамгийн их хамааралтай хөгжингүй эдийн засагт тооцогддог. Мөн БНХАУ Австралийн хамгийн том дарс худалдан авагч улс бөгөөд “Wine Australia”-ийн мэдээгээр жилд 830 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь Австралийн АНУ-д нийлүүлдэг дарсны хэмжээнээс 2.5 дахин их дүн юм. Хэдийгээр Австрали улс нийт зэсийн олборлолтынхоо 55 хувийг БНХАУ-д нийлүүлдэг ч БНХАУ-ын нийт зэсийн хэрэгцээний таван хувийг л хангадаг. Тиймээс БНХАУ зэсийн худалдан авалтаа зогсоосон ч дотоодын үйлдвэрлэлд нь төдийлөн хүндрэл учруулахааргүй байна.
2018 онд Австрали улс аюулгүй байдлын шалтгаанаар “Huawei” компанийн 5G сүлжээний төхөөрөмжийг Австралид нэвтрүүлэхийг хориглосон юм. Үүнээс хойш хоёр орны харилцаа дордсоор байна.