НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

 “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. 

Төслийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан 2022 оны 02 дугаар 17-ны өдөр Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ЭТТ/202108508 дугаартай тендер шалгаруулалтыг гадаад, дотоодын мэдээллийн сувгаар дамжуулан олон улсад зарласан.

Нийтлэгдсэн урилгын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цаг хүртэл оролцогчдын тендерийг хүлээн авч, 14:30 цагт нээхэд “Бээжин Гуохуа Техноложи Групп” болон “Чайна Рэйлвэй 20-р товчоо”–ийн түншлэл, “Норинко Интернэшнл Корпорэйшн Лимитед” болон “Дади Инженериг Групп”-ийн түншлэл , “Чайна Констракшн 5-р Инженеринг Товчоо” болон “Чайна Көүл Шиан Дизайн Прожект Лимитед”-ийн түншлэл нар тус тус тендер ирүүлсэн.

Ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж, оролцогчтой хийсэн хэлэлцээний үр дүнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйл болон тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул “Норинко Интернэшнл Лимитед” ХХК болон “Дади Инженеринг Групп”-ийн түншлэлийг сонгон шалгарууллаа.