Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах учиртай стратегийн ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл урагшлахад бэлэн боллоо. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл гацсан төмөр замын бүтээн байгуулалт энэ онд үргэлжлэх суурь нөхцөл хэдийн бүрджээ. Далангаас хэтрээгүй байсан уг төсөл их ажлын өмнө ирлээ. УИХ-ын 73 дугаар тогтоолд зааснаар “Тавантолгой” төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дээрх чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ. Улс төрийн хүрээнд ч, бизнесийнхэн дунд ч хүлээлт үүсгэсэн, улстөржих шалтаг, шалтгаан хангалттай болж байгаа “ТавантолгойГашуунсухайт” төмөр зам ийнхүү цэгцэрч, шат ахив.
Сайн мэдээ гэвэл, төсөл хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компани хөрөнгө мөнгөний эрэлд эргэлт буцалтгүй гарчээ. Төслөө хөдөлгөх санхүүгийн эх үүсвэр тэдний хувьд амин чухал байна. Улс төрийн ямар нэгэн саадгүй, харин ч урьд урьдынхаас илүү дэмжлэг авсан тул цаг алдалгүй ирэх сард барилгын ажлаа эхлүүлэхээр товложээ.
Тавантолгой уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэлх 240 орчим км гол замтай, хоёр өртөө, таван зөрлөгтэй байх уг төслийг дотоодын төр, хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт бямба гарагт ШангриЛа зочид буудалд болов. Төмөр замын төслийн санхүүжилтийг босгох энэхүү уулзалтад Монголын арилжааны банкны төлөөллүүд ирсэн юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дотоод санхүүгийн нөөц, бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах сонирхолтой байгаа нь эндээс харагдана.
Мөрөөдөл төдий байсан төмөр зам баригдсанаар жилд ойролцоогоор 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох юм. Тэрчлэн гуравдагч орны зах зээл рүү уул уурхайн бүтээгдэхүүнээ хүргэх боломж бидэнд гарна. Уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа сайжрах төдийгүй тэр хэрээр улсад орж ирэх татвар, хураамж нэмэгдэнэ гэсэн үг. Манай улс энэ онд гэхэд 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр он гарснаас нийт 20 гаруй сая тонн нүүрс худалдаалжээ. Тэгвэл төмөр замтай болсноор Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэхээр байна. Төмөр зам ашиглалтад орсноор өмнийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ч бодитой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд орон нутагт түр ажлын байр олноор бий болох нь гарцаагүй.
Тавантолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш ярьж буй, зах зээлийн шахалт, шаардлага болсон төмөр замын барилгын ажил нийт 28 сарын турш үргэлжлэх юм. 2021 он гэхэд гадаад худалдааны ачаа эргэлтийг хурдасгасан энэхүү төмөр зам ашиглалтад орно. Тавантолгой уурхайн ачилтын төмөр зам болон хил холболтын төмөр замын судалгааны ажил одоогоор хийгдэж байна. Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргах төслийн ажил эрчээ авч, цаасан дээр буусан судалгаа, төсөөлөл нь ажлын талбарт шилжиж байна.
Нүүрсний тээвэр дагасан тоосжилт, хөрс болон агаарын бохирдол, бэлчээрийн доройтол энэ бүхэн үлэмж хэмжээгээр буурна гэдгийг “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал цохон тэмдэглэлээ. Тэрчлэн авто тээврийн осол буурч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана. Төмөр замтай хамт байнгын 1900 орчим ажлын байр бий болох тооцоолол байна. Улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлж байсан төсөл дурдсан цаг хугацаандаа багтаж 2021 онд ашиглалтад орсноор манай улс дотор нүүрс тээврийн зардал тонн тутам нь найман ам.доллар болох ба өнөөгийн авто замын боомтоор тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Монгол Улсын нийгэм, эдийн засагт үлэмж үр нөлөөтэй гэж дээрх төслийг хэлж болно. Учир нь, улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газар “халаас”-лахаар байна.
Цаг хугацаа их алдсан дэд бүтцийн төслийн “хувь заяа” хэрхэн эргэхээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын ирээдүй ч тодорхойлогдох юм. Тус компанид улсын хэмжээнд 2018 оны байдлаар нүүрсний нийт экспортын 38 хувийг дангаар бүрдүүлж байна.
-
Тавантолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш ярьж буй, зах зээлийн шахалт, шаардлага болсон төмөр замын барилгын ажил нийт 28 сарын турш үргэлжилнэ. 2021 он гэхэд гадаад худалдааны ачаа эргэлтийг хурдасгах төмөр замын ашиглалтад орно.
-
“ТавантолгойГашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг орлогоор, үлдсэн 70 хувийг зээлээр санхүүжүүлэхээр Засгийн газраас зорьж буй.
-
Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувь байна.
Мөн төсвийн орлогын зургаан хувийг улсад төвлөрүүлж, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд 659.9 тэрбум төгрөг төлж, энэ оны эхний хагас жилд гэхэд л олборлолт нь 8.4 сая тоннд хүрчээ. “Эрдэнэс Тавантолгой”-н сүүлийн найман жилийн борлуулалтын дундаж өсөлт 71.5 хувь байна. Арга хэмжээний үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Тавантолгой уурхайн хөгжил, тээвэрлэлт болон IPO” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Нэг жишээ авахад, төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого гэхэд 1.9 их наяд төгрөгөөс 5.1 их наяд төгрөг болж, цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч, 2.7 дахин нэмэгдэхээр байна.
“Шинэ төмөр зам” төслийн нэг багц хэсэг нь “ТавантолгойГашуунсухайт” чиглэлийнх. Нүүрсний экспортын шинэ гарцыг нээх хоёр дахь багц хэсэг нь “Тавантолгой-ЗүүнбаянЗамын-Үүд”. Энэхүү шинэ чиглэлээр нүүрс тээвэрлэвэл 20 ам.долларын тээврийн орлого олох боломжтой. Нэг жилд 15 сая тонн гэж тооцоход нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтойг “Монголын төмөр зам” компани мэдэгдсэн юм. Ингэснээр Хятадын нутагт үлдэх байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай аж. Шинэ маршрутаар коксжих нүүрсний Хятадын нутаг дэвсгэр дэх тээврийн зай богиносож, Монголын нутаг дахь тээврийн зай уртсахаар байна.
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг орлогоор, үлдсэн 70 хувийг зээлээр санхүүжүүлэхээр Засгийн газраас зорьж буй. Одоогоор өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувь байна. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болсныг Засгийн газраас мэдээллээ. Энэхүү төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай байна. Уг төмөр замын их ажил хэрэгжиж дуусвал уурхайн амнаас тонн тутам нь 74 ам.доллараар борлуулж байгаа нүүрсний үнэ 120 ам.долларт хүрэх юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин