Нүүрс тээврийн мэдээллийг хүссэн иргэн, хүссэн үедээ вэб сайтаас авах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж эхэллээ.
Тус компанийн www.ett.mn вэб сайтад хандан уурхайгаас хэдэн тээврийн хэрэгслээр хичнээн тонн нүүрс гарч байгаа тухай болон нүүрс тээвэртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авдаг болж байгаа тухай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.
Нүүрс тээврийн мэдээллийг авахдаа, www.ett.mn вэб сайтад нэвтэрч баруун дээд буланд ЭТТ нээлттэй уурхай шар өнгөөр онцолсон цэс дээр дарна. Тээврийн нэгдсэн мэдээлэл, Гэрээний нэгдсэн мэдээлэл, Олборлолтын гэрээ гэсэн хэсэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн www.ett.mn вэб сайтын
Нүүрс тээвэртэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд ил болгосноор худалдан авагч, тээврийн компаниуд гээд олон нийтийн дунд хаалттай байдаг мэдээллүүд цэгцэрч эхэлж байна. Цаашид цахим мэдээллийг улам боловсронгуй болгоно. Мөн Цагаан хадны мэдээллүүдийг ил тод болгох ажил хийгдэж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оффтэйк гэрээ болон нүүрс тээврийн экспорт, валютын орлогын сүүлийн үеийн мэдээллээс танилцууллаа. Тэрээр, “оффтэйк гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээ юм. Энэ компани дээр ийм төрлийн дөрвөн гэрээ байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл. Эдгээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар хийсэн гэрээ. Олон улсын жишгээр төсөл хөтөлбөрүүдийг оффтэйк гэрээгээр санхүүжүүлээд явдаг практик байдаг. Үүний дагуу хийгдсэн гэрээ.
Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбоогүй ч урьдчилгаа төлбөрөө аваад, нүүрсээ дараа нь нийлүүлэх нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Томилогдсоноос хойших хугацаанд худалдан авагчидтайгаа уулзаж байгаа бөгөөд цаашид урьдчилж мөнгө авдаг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар ажиллах бодлого баримтална.
Засгийн газрын 362 дугаар тогтоол гарах үед 202 машинаар 19,8 мянган тонн нүүрс гаргаж байсан байна. Үүнийг нэмэгдүүлж хамгийн оргил үеийн мэдээгээр 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 833 тээврийн хэрэгслээр 92,2 мянган тонн нүүрс гаргалаа.
Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 81,8 сая ам.долларын үнэлгээтэй, 804,2 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу ачуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт 20,6 сая ам.доллар дансанд орж ирээд байна.
Өмнөх удирдлагууд валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр арай сул ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Нүүрсний хулгай гэдэг дээр мэдээлэл хаалттай байх тусам олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Үүнийг ил тод болгосноор олон нийт хянаад эхэлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Тээвэрлэлт нэмээд эхлэхээр олборлолт, ачилтыг нэмэгдүүлэх асуудал үүсэж байна. Тийм учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах зүйлс байна." хэмээн танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс