УИХ-ЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРООНД ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2022.12.13/ төрийн ордонд боллоо. Хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оролцож компанийн нөхцөл байдал, нууцын зэрэглэлээс гаргасан гэрээтэй холбоотой мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж  4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв болон орон нутгийн төсөвт 3.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. 

Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж  байгаа тухайгаа Бүрэн эрхт төлөөлөгч УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүдэд дэлгэрэнгүй танилцууллаа.  

2022 онд Баруун Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээ байгуулж нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн. Нүүрсээр төлбөр барагдуулахдаа 7-10 хувийн хөнгөлттэй үнээр худалдаалж компанид орох орлогыг 31.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Цаашид нүүрсээр төлбөр төлдөг байдлыг зогсоож зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг байдалд шилжиж ажиллана хэмээн хэллээ. 

Мөн Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нууцын зэрэглэлээс гаргасан гэрээнүүдийн талаар танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой олон зөрчил илэрч байгаа. Үүнийг шат дараатайгаар цэгцэлж компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох ажил үргэлжилнэ гэв.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс