ТАВАНТОЛГОЙ НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагч танаа,
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглахыг Засгийн газарт даалгасан.
Бортээг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой нүүрсний бүлэг ордын хагас зөөлөн коксжих нүүрсний нөөцтэй хэсэг болно. Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нүүрсний олборлолт, экспорт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах саналаа ирүүлэх урилгыг хөрөнгө оруулагч та бүхэнд нээлттэй хүргүүлж байна.
Харилцан ашигтай бизнесийн хамтын ажиллагааг бүрдүүлэх хүрээнд дараах суурь зарчмуудыг баримтална.
Үүнд:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчид шилжихгүй;
- Хөрөнгө оруулагч нь төслийн бүтээн байгуулалт, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа болон санхүүжилтийг бүрэн хариуцна;
- Жилд 15.0 сая тонноос багагүй хэмжээний хүчин чадалтай уурхайн цогцолбор байгуулна;
- Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд ногдоно. Шалгарсан хөрөнгө оруулагч 500 сая ам.доллараас багагүй хэмжээний төлбөрийг урьдчилан төлнө.
Сонирхогч талууд хавсралтад заасан сонгон шалгаруулалтын баримт бичигтэй танилцаж, саналаа битүүмжлэн 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13:00 (Улаанбаатарын цагаар) цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөрөнгө оруулагч талд шаардлагатай мэдээлэл, тодруулгыг borteeg@erdenestt.mn, borteeg@erdenesmongol.mn цахим хаягуудаар хүлээн авна.
Жич: Хугацаа хоцорсон, битүүмжлэлгүй баримт бичгийг хүлээн авахгүй.