“Дисковер Монгол 2015”-д нүүрсний давхаргын метан хийн төсөл сэдвээр илтгэл тавилаа

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүрэг бүхий "Дисковер Монгол 2015 ” чуулга уулзалт 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ "Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор өрнөж байгаа бөгөөд 450 гаруй  компани бүртгүүлснээс 30 гаруй илтгэл тавигдлаа. Уг арга хэмжээнд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Усны хангамжийн төслийн удирдагч Л.Батсүх "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нүүрсний давхаргын метан хийн төсөл сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцогчдын тавьсан асуултад хариуллаа.
 
Тэрбээр үндсэн илтгэлийнхээ зэрэгцээ Тавантолгой орд болон "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн талаар ерөнхий мэдээлэл өглөө.  "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уурхайн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоосноор "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үнэлгээг өсгөх, туршилтаар хий цуглуулах, цэвэршүүлэх, технологи судлах, нутагшуулах, улмаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх түлш болгон ашиглах боломж нөхцөлийг судлахад орших юм. Төсөл нь "Эрдэнэс- Таван Толгой” ХК, БНСУ-ын "Когаз корпорайшн”  "Элгэн” ХХК хамтран ажиллах санамж бичиг 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулснаар эхэлсэн бөгөөд төслийн эхний үе шат 2013.06-2016.11 сар хүртэл үргэлжилнэ. Одоогоор 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Солонгосын талаас хийж, туршилтын үйлдвэрийн нээлтийг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийгээд байна.
Урьдчилсан тооцоогоор Таван толгойн ордод 40 сая тонн метан хийн нөөц бий гэсэн урьдчилсан тооцоо гарсан.  Метан хий нь нүүрснээс 2.5 дахин, шатахуунаас 1.2 дахин өндөр дулаан гаргах чадвартай. Мөн метан хийг ашиглаж эрчим хүч, дулаан үйлдвэрлэх нь нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс зардлын хувьд хоёр дахин хямд байдаг байна. Хэрэв туршилт амжилттай болвол метан хийгээр ажилладаг цахилгаан станц байгуулахаас гадна иргэдийн хэрэглээг хангах боломжтой  гэж "Эрдэнэс-Таван Толгой” ХК үзэж байгаа юм. Уул уурхайн сайд  Р.Жигжид дэлхий нийтээр нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа үед метан хийн туршилтын үйлдвэр нээгдэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал гэж туршилтын үйлдвэрийн нээлтийн үеэр онцолж байлаа