Б.Батбилэг: Тавантолгойн хувьцааг жинхэнэ утгаар нь эзэмшүүлэх ажил хийгдэж байна
Энэ удаагийн "Ярилцах танхим”-даа Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрдэнэс Тавантолгой энэ жил хэр ашигтай ажиллав. Хэвлэлүүд ашиггүй ажилласан хэмээн бичих боловч танайхаас арай өөр мэдээлэл өгдөг. Тайлан балансыг чинь хүртэл харахад ашигтай харагдах юм?
-Эрдэнэс Тавантолгой энэ оны эхний хагас жилийн дүнгээр ашигтай гарсан. Гэхдээ энэ дүн бол тийм сайн гэсэн үг биш. Сайн гэдгийг харьцуулж дүгнэх ёстой. Гадаад болон дотоодын ижил төстэй байгууллагууд ямар түвшинд явж байна вэ гэдгийг харьцуулж байж сайн байна уу, муу байна уу гэдгийг дүгнэх ёстой байх. Өнөөдөр ашигтай ажиллаж байгаа компани маш цөөхөн байгаа. Ялангуяа Хятад, Австрали, Канад, Америк, Индонезийн бүхий л нүүрсний компаниудын хувьд маш таагүй орчин бүрдсэн байгаа юм. Тэгэхээр манайх арай гайгүй байна гэсэн үг. Ер нь бол бүгдээрээ л алдагдалтай, бараг 90 хувийн алдагдалтай ажиллаж байгаа.
-Тэгэхээр хагас жилээр л ашигтай ажилласан. Харин түүнээс хойш тийм ч сайн бус байна гэсэн үг үү?
-Эдийн засгийн зах зээл хүнд байгаа хэдий ч "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бусадтайгаа харьцуулахад харьцангуй сөрөг нөлөө бага бууж байна. Гэхдээ хагас жилийнхтэй адилхан үр дүн гарахгүй байх. Бусад нүүрсний компаниудын хувьд ч адилхан гарах байх гэж бодож байна.
-Зах зээл дээр нүүрсний үнэ унаж байна. Энэ танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?
-Нүүрсний үнэ сүүлийн хэдэн жил байнга унаж байна. 2012 оноос байнгын уналттай байгаа. Ер нь бол нүүрсний үнийг тухайн зах зээл нь тогтоогоод явдаг. Хятад улс хэдийгээр коммунист орон атлаа эдийн засгийн хэм хэмжээ нь их чөлөөтэй. Тус улсад нүүрсийг нийлүүлж байгаа нь их, давсан тохиолдолд худалдан авч байгаа нь үнээ тогтоож байна. Харин нийлүүлэлт нь багассан тохиолдолд худалдан борлуулж байгаа байгууллага нь үнээ тогтоодог. Тиймээс өнөөдөр нийлүүлж байгаа нь их болсон учир худалдан авч байгаа нь зах зээл дээрх нүүрсний үнээ тогтоож байна. Тэгэхээр зах зээлийнхээ жамаар худалдан авагчид хоорондоо, нийлүүлэгчид хоорондоо өрсөлдөж нүүрсний үндсэн үнээ тогтоон барьж байгаа юм. Харин манай компанийн хувьд бусад өрсөлдөгчөөсөө арай дээгүүр үнээр нүүрсээ борлуулдаг. Өнгөрч буй наймдугаар сард нэг тонн нүүрсний үнэ 30-50 юаниар унасан. Энэ нь 4.5-8 орчим америк доллартай тэнцэнэ. Тэгэхээр зах зээл дэх нүүрсний үнэ их хөдөлгөөнтэй, уналттай байна гэсэн үг юм. Үнийг тодорхой түвшинд барьж, үнэ нь ийм гээд хэлэхэд хэцүү. Зах зээл л нүүрсний үнийг тогтоож байна. Өнөөдрийг хүртэл зах зээлийнхээ зарчмаар л явж байна. Хэн өрсөлдөж чадаж байна, тэр нь амжилт олдгийн жишгээр.
-Тэгэхээр манай нүүрсний үнийг худалдан авагч Хятадын тал тогтоож байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Худалдан авагч л үнээ тогтооно. Хятадын хувьд зарим нь худалдан авагч, зарим нь үйлдвэрлэгч болж байгаа. Тэгэхээр бид худалдан авагч талтай нь хамтардаг гэсэн үг. Тиймээс нөгөө тал руу нь гүйж очиж ярьдаг, өгдөг. Тэгэхээр худалдан авч байгаа тал буюу хятадын гангийн үйлдвэрлэл нүүрсний үнийг тогтоож байгаа гэж ойлгож болно. Харин тогтоохдоо, Австрали зэрэг бусад улсаас ирж байгаа нүүрстэй харьцуулж байгаад тогтоож авдаг.
-Хятадаас өөр улс манайхаас нүүрс авах сонирхол байна уу?
-Гангийн үйлдвэрлэлтэй Зүүн өмнөд азийн улсууд болон Япон, Солонгос, Тайвань зэрэг улс манайхаас нүүрс авах сонирхолтой байдаг. Өнөөдрийн байдлаар эдгээр улс Хятад болон Австралиас нүүрсээ авч байгаа. Харамсалтай нь Монголоос авч чадахгүй байна. Яагаад вэ гэхээр манайхаас авах гэхээр зардал нь их болох гээд байдаг. Манайх нэг тонн нүүрсээ уурхайгаас ачаад Хятад руу гаргаад угаагаад тээвэрлээд Солонгос, Япон руу нүүрс хүлээн авдаг боомтод хүргэж өгөхөд л ойролцоогоор 150-160 орчим ам.доллар болж байгаа юм. Энэ нь татвар орсон дүн. Гэтэл нөгөө талд нь Австралиас дээрх улсууд руу нүүрсээ зөөхөд 100 хүрэхгүй ам.доллараар нүүрсээ зөөх жишээтэй. Тиймээс өнөөдрийн зах зээлд манай нүүрс Хятадаас өөр улсууд руу гарах боломж байхгүй болчихоод байгаа юм. Үүнээс болоод сонирхол байгаа хэдий ч өртөг өндөр, мөн манай талаас нийлүүлэх боломж байхгүй байгаа юм. Түүнээс бус Япон, Солонгос улс өөрсдийн худалдан авч буй нүүрс, түүний нийлүүлэгчээ нэг байлгах сонирхол байдаггүй. Аль болох олон байх тусам үнийг нь буулгах, чанарыг сайжруулах давуу тал үүсч байдаг учраас аль болох олон нийлүүлэгчээс нүүрсээ авах сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчдээ хооронд нь өрсөлдүүлж, аль ашигтай талаас нь харж нүүрсээ авах сонирхол их. Гэвч манайх өнөөдөр тэр өрсөлдөөнд орж чадахгүй, боломж нь байхгүй байна. Тиймээс эгээр улс манайхаас нүүрс авснаас Австралиас авсан нь хамаагүй хямд тусч байгаа юм.
-Чанарын хувьд манай нүүрс хэр байдаг юм бэ?
-"Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргаж байгаа нүүрс бол янз янзын л чанартай байдаг. Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэгцээ болох эрчим хүчний чиглэлийн болон кокс, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр ашигладаг нүүрсийг манайх гаргаж байна. Үүнээс гадна маш бага хэмжээгэр бал харандаа хийдэг нүүрс ч гаргана. Манайх дээрх хоёр том хэрэгцээг хангах нүүрсийг гаргах боломжтой ч эрчим хүчний чиглэлийн нүүрсний өртөг өндөр байгаа учир төдийлөн зарагддаггүй. Зөвхөн гангийн үйлдвэрлэлийн чиглэлийн нүүрсийг л хятадын зах зээл арай чүү гэж авч байна. Эрчим хүчний чиглэлийн болон коксын чиглэлийн нүүрсийг боловсруулахад үнэ өртөг нь бараг ялгаагүй байдаг. Гэхдээ түүхийгээр зарахаар үнэ нь өөр байдаг юм.
-Ямар учраас эрчим хүчний, коксын чиглэлийн нүүрс гэж ялгаад байна вэ. Чанарын хувьд адилхан байдаг гэсэн биз дээ?
–Коксжих нүүрс нь технологийн ялгаатай. Хамгийн эцсийн бүтээгдэхүүн болтол нь боловсруулсан сийрэг нүүрсийг хэлж байгаа юм. Тодруулбал, коксоо дэвсээд боловсруулаад 1000 гаруй хэмд шатаагаад түүнийгээ гангийн нэг тогооны доод талд дэвсээд, төмрийн хүдрээ дээд талд нь дэвсэж, доор байгаагаа шатаахаар барьцалдах чадвартай болдог. Харин эрчим хүчний чиглэлийн нүүрсийг угаах бол угаагаад, угаахгүй бол тэр чигээр нь хэрэглэдэг. Технологийн л ялгаатай.
-Ингэхэд Чалкогийн өрний асуудал ямар шатандаа явж байна вэ. Төлөлт хэр байна?
-Өнөөдрийн байдлаар 115 орчим сая ам.долларын өртэй байгаа.
-Энэ өрийг зургаадугаар сард багтаагаад төлнө гэсэн яриа байсан?
-Зөвхөн Чалкогийн өрийг дарна гээд өөр ямар ч асуудал байхгүй байвал бэлэн байсан хоёр сая гаруй тонн нүүрсээ өгчихвөл өрнийхөө ихэнхийг дарчихна гэж тооцож байсан. Тэр утгаар нь зургаадугаар сард төлнө гэж байсан. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Чалкогийн өрийг дарна гэдэг туйлын зорилт биш. Бидэнд компанийнхаа тогтвортой байдал, жигд үйл ажиллагаагаар хангах, ашигт ажлаа сайжруулах гэдэг үндсэн зорилго байна. Өргүй бол сайхан л даа. Зөвхөн энэ өрийг дарна аа л гэсэн бол зургаадугаар сардаа барагдуулчих л байсан байх. Гэхдээ зах зээл ийм хүнд байгаа нөхцөлд компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах нь чухал. Өнөөдөр уул уурхайн олон компани зогсолт хийж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байна. Зарим нь дампуурлаа зарлачихлаа. Хувьцаагаа хөрөнгийн биржид байршуулдаг зарим компаниуд хүнд байдалд орж, хөрөнгийн биржээс нь "Энэ компанийн хувьцааг биржид байршуулах нөхцөл шаардлага хангахаа байлаа” гээд хасаж байна.
–Тэгэхээр Чалкод төлөх өрийн асуудлыг шийдэж чадахгүй бол хэдэн жилийн дараа өрийг нь төлж барагдуулна гэсэн тооцоо байдаг юм бэ?
–Компанийнхаа үндсэн зорилготойгоо нийцүүлж явах боломжгүй болоод байна. Санхүүгийн эх үүсвэр бас хүнд байна. Энэ нь зөвхөн "Эрдэнэс Тавантолгой”-д тохиолдоод байгаа зүйл биш. Монгол Улсад тохиолдоод байгаа асуудал. Мөнгө олдохгүй байна. Мөн босгох хүнд байна. Хүү өндөр байна. Тэгэхээр их олон зүйлийг бодох шаардлагатай болж байгаа юм. Тэртусмаа Чалкогийн мөнгө шиг их хэмжээний мөнгө олох хүнд. Тэгэхээр үүнийг өр гэхээс илүүтэй давуу талаас нь харж яагаад болохгүй гэж. Компанидаа ачаалал өгөхгүй энэ маягаар явахад ирэх жилийн гуравдугаар улиралдаа багтаагад Чалкогийн өрийг төлөөд дуусчих болов уу л гэж харж байна. Нөгөө талаас нь ярьвал энэ мөнгийг түүнээс өмнө төлж дуусгаж болно. Гэхдээ үүнтэй зэрэгцээд өөр өөр асуудлууд гарч ирнэ.
-Эрдэнэс Тавантолгойд Чалкогоос өөр ямар харилцагч байгууллагууд байна вэ?
-Манайхтай харьцдаг, холбоотой байдаг 30 гаруй харилцагч байдаг. Энэ жилийн хувьд 16 орчим компанитай харилцаж нүүрсээ борлууллаа. Хуучин тогтмол 20 орчим компанитай харилцаж байсан бол энэ жил багассан. Нэг үгээр хэлбэл 30 гаруй компаниас 10 гаруй нь хасагдсан гэсэн үг. Зарим нь бүр таг алга болсон ч явдал байна. Зах зээлийн эдийн засгийн хүндрэлээс болоод харилцагчид маань багассан.
-Иргэдийн гол сонирхож байгаа зүйл маань мэдээж Эрдэнэс Тавантолгойн хувьцаа. Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрийг эзэмшиж байгаа гэдэг ч одоогоор ямар нэг үр дүн өгсөн зүйл алга?
-Хувьцааны үнэлгээний талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Үнэлгээг би тогтоодоггүй болохоор. УИХ, Засгийн газар ч тогтоодоггүй. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн нэрлэсэн үнийг 933 төгрөг гээд тогтоосон байдаг. Зах зээлийн явцад хэд болохыг таашгүй. Дээшээ эсвэл доошоо хэлбэлзэж болно. Харин миний хувьд урьдчилаад санхүүгийн байдлыг нь хараад хэлэхэд нэлээн доошоо дүн гарах магадлалтай. Харин бидний зүгээс 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тал дээр ажиллаж байгаа. Албан ёсоор эзэмшүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр иргэдэд эзэмшүүлж байгаа гэдэг ч эзэмшиж байгаа эзэнд нь ямар ч эрх мэдэл алга. Нэг үгээр хэлбэл захиран зарцуулах гээд хувьцаа эзэмшигчдийн эрх гэж ерөөсөө байхгүй байгаа юм. Тиймээс хувьцааг жинхэнэ утгаар нь эзэмшүүлэх ажлыг хийнэ. Харин үнэлгээний асуудал нэлээн хүндрэл үүсгэж байна. Тиймээс төр засгаас үнэлгээний тал дээр тусламж авахаас өөр аргагүй. Хувьчлалын хүрээнд бол нэгэнт хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэх ажлыг эхлүүлж амлалт өгсөн учир "Эрдэнэс-Таван толгой” төрийн өмчит компанийн хувьд компанийн тухай хуулийн дагуу, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг эрхэмлэсэн шийдвэрийг гаргах шаардлагатай гэж боддог.
-Тэгэхээр иргэд хувьцааныхаа үр шимийг удахгүй хүртэх нь гэж ойлгож болох уу. Ер нь ашгаа хэзээ хүртэх вэ?
-Дотоодын зах зээлд гаргаад ашиг шимээ үзээд явна гэвэл төр засгаас боложтой шийдвэрүүдийг гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ ингэх бол ирэх жилийн эхээр эзэмшүүлэх боломжтой. Уг нь манай компани төрийн өмчит компани. Гэтэл сүүлийн үед улс төрийн компани гэж хэлэхээр болж. Улс төр их оролцож байна.
-Саяхан хувьцааныхаа үр шимийг удахгүй хүртэнэ. Хүн бүр 100 мянган төгрөг авна гэсэн мэдээлэл гарч байсан?
-Тэр бол хувьчлалын асуудалтай холбоотойгоор яригдаж байсан. Арай өөр ойлголт.
-Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсад гарах боломж хэр байдаг юм бэ?
-Боломжгүй гэж хэлэхгүй. Монголын хэд хэдэн компани олон улсын бирж дээр байдаг. Үнэлгээний тухайд л өөр өөр ханштай. Гэхдээ төрийн компани гэдэг утгаараа маш олон дамжлага гардаг. Тухайлбал төр гадны компанийг эзэмшиж болохгүй гэх мэт олон хүндрэл бий.
-Тавантолгойн тулгамдсан асуудал бол төмөр зам барих гэж байгаа. Энэ ажил юу болж байгаа вэ. Ер нь шинэ төмөр зам барихад нийт өртөг нь хэд болох вэ?
-Төмөр зам анхаарал тавих ёстой асуудлын нэг үү гэвэл тийм. Таван толгойн бүтээн байгуулалтын салшгүй хэсэг мөн. Хэн нь хэрэгжүүлэх вэ гэдгээсээ үл хамаарч Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, наанадаж бүс нутгийн, цаашлаад Монгол Улсын хөгжлийг тэтгэх төсөл. Харамсалтай нь хэтэрхий их цаг алдаж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй ам.долларын ажил хийгдсэн гэдэг. Далангийн ажлаа 80-90 хувьтай гүйцэтгэсэн байгаа гэсэн мэдээлэл бий. Тавантолгойн орд газрыг өнөөдрийн зах заал дээр унагаах уу, амьд үлдээх үү гэсэн төсөл. Үнэндээ бараг 100 хувь үгүй юм аа гэхэд 98 хувь нь төмөр замаас шалтгаалж байгаа юм. Төмөр зам нь улс үндэстний аюулгүй байдалтай холбогддог учраас бизнесийн асуудал гэхээсээ илүүтэй улс төрийн сэдэв болчихжээ. Миний бодлоор ингэж удааширч байгаа нь Тавантолгойн ордын бүтээн байгуулалтын ажлыг хойш нь татаад байгаа санагддаг. Тавантолгойн төсөл өрсөлдөх чадвараараа тун сайн төсөл. Төмөр зам нь шийдэгдэхгүй бол Тавантолгойн хөгжих орон зай байхгүй болж байгаа юм. Тавантолгойн ордоос хамгийн дээд тал нь 11-12 тонн нүүрс гарч байсан. Энэ жил ойролцоогоор 7-8 тонн нүүрс гарах болов уу гэж тооцож байна. Тэгэхээр тонн тутамдаа алдагдал хүлээсэн нүүрс гарах болчихоод байна. Харин төмөр зам орчихвол нэг тонн тутамд 10 орчим ам.долларын хэмнэлт гаргаад ашигт ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Өнөөдөр нүүрсээ ямар ч ашиг олохгүй зарж байгаа бол төмөр зам орж ирвэл ашигтай байна гэсэн үг. Мөн борлуулалтынхаа хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлнэ.
-Саяхан Метан хийний үйлдвэр баригдлаа. Энэ хэр үр дүнтэй ажил болох вэ?
-Туршилтын үйлдвэр ашиглалтад оруулсан. Туршилт гэдэг бол эцсийн үр дүн биш. Юу болохыг харъя гэж байгаа юм. Урьдчилсан байдлаар үр дүн гарах магадлал өндөр. Үүнийг хэрэгжүүлбэл Улаанбаатарын утааг багасгана гээд л шийдлийн асуудлыг гаргаж байна. Үр дүнд хүрэхийн тулд боломжийг сайн үзүүлэх ёстой. Боломж байна гэнгүүт болчихлоо гэж ярьж болохгүй шүү дээ. Боломж байна, одоо цааш хөгжүүлэх бодитой зүйлийг хийх хэрэгтэй. Болоогүй байхад нь олон юм ярих хэрэггүй. Тэгэхгүй бол улс төрийнх сэдэв болчих магадлал өндөр. Тиймээс Метан хийний үйлдвэр төсөөлсөн үр дүндээ хүрээсэй гэж хүсч байна. Ашигтай ажиллуулахын тулд хичээж ажиллаж байна.