“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олон А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд хандив өглөө

Гэрт нь ахуйн хэрэглээний газ дэлбэрч  найман сартай дүүгээ галаас аварсан 16 настай А.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчилгээ хийлгээд эх орондоо ирж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд физик эмчилгээ хийлгэж байна.
 
Зуны амралтаараа нялх дүүгээ харж байсан А.Цэрэнтогтох хүүгийн гэрт гал гарсан харамсалтай хэрэг тохиолдсон юм. Улаан галаас найман сартай нялх дүүгээ аварсан ч А.Цэрэнтогтох хүүгийн биеийн 80 хувь нь түлэгдсэн юм.
 
Хүүгийн бие 80 хувийн түлэгдэлтэй тул дотор эрхтэнд нь нөлөөлж, улмаар амь насанд нь аюул тулгарсан учир гадаадад эмчлүүлэхээс өөр арга байгаагүй. Тиймээс БНСУ-д 45 хоногийн турш эмчилгээ хийлгээд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирэн эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм.
Хүүгийн эмчилгээний төлбөрт нь дэм болох үүднээс "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олон хандив цуглуулж, 2015.09.09-ний өдөр А.Цэрэнтогтох хүүгийн ээж М.Болортуяад гардуулан өглөө. Энэ үеэр хүүгийн ээж М.Болортуяа "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж "Хүүгийн бие сайжирч байгаа. Удахгүй эмчилгээгээ дуусгаад хүү маань сургуульдаа явахаар бэлдэж байгаа” хэмээн  баяртай мэдээгээ бидэнтэй хуваалцсан юм.