“Инвест Монгол-2015”-д оролцлоо

Гаднын хөрөнгө оруулагчдын "Инвест Монгол-2015” чуулган 2015 оны 9 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг чуулганд ОХУ, БНХАУ,АНУ,Сингапур, Япон, Хонконг зэрэг 40 гаруй орон болон дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд оролцов.
 
Чуулганд оролцогчид Засгийн газраас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг сонирхож, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбарын талаар туршлага судалж, санал солилцов.
 
Хурлын үеэр талууд хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх  зүйн орчин хийгээд улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь чухал гэдэгт санал нэгдэж байлаа. Энэхүү арга хэмжээнд  "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал О.Лхагвасүрэн нар компанийнхаа үйл ажиллагааны талаар илтгэж, хуралд оролцогчдын асуултад хариулсан юм. О.Лхагвасүрэн захирал илтгэлдээ хятадын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ, импортын хувь хэмжээ,  БНХАУ-ын коксжих нүүрсний импортод монголын хийгээд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн эзлэх хувь, Монголын нүүрсний экспортын талаар дурдлаа.
 
Сүүлийн гурван жилд Хятадын коксжих нүүрсний импорт тасралтгүй буурсан ч 2015 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын  коксжих нүүрсний нийт импортын 29  хувийг Монголын экспорт эзэлсэн бөгөөд Австрали, Монгол улс 2 өрсөлдөхүйц хэмжээнд байж, хятадын импортын нүүрсний  80 хувийг эзэлсэн үзүүлэлт харагдсан байна. 2014 онд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-нь 5.7 сая тонн нүүрс экспортлож, Монгол Улсын нүүрсний экспортын 33 хувийг хангаж байсан бөгөөд энэ хэмжээ 2015 оны эхний хагаст 37.7 хувь болж өссөн байна. О.Лхагвасүрэн захирал нүүрсний үнэ буурч байгаа шалтгааныг нийлүүлэлт нь эрэлтээс өндөр байгаатай холбон тайлбарлаж, нүүрсний зах зээлийн цаашдын байдал тодорхойгүй нөхцөлд тогтвортой олборлолт, борлуулалт явуулахын тулд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээнүүд аван ажиллаж байгааг хэлсэн юм. "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьд энэ жил 6 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тэрбээр энэ үеэр "Эрдэнэс-Таван Толгой” ХК-иас хэрэгжүүлж байгаа Нүүрсний давхаргын метан хий болон төмөр замын төслийн талаар товч мэдээлэл өгөв.