Ажилчдын эрх ашиг хохирохгүй
"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн 70 орчим ажилтан байрныхаа гадна гурван өдөр суулт зарласан билээ. Учир нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн зүгээс Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй ажилтныг "TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон юм. Харин энэ шийдвэрийг ажилтнууд эсэргүүцэн суулт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Ингээд тус компанийнхны өгч буй мэдээллийг хүргэе.
Тус компанийн зүгээс өнгөрсөн оны наймдугаар сард Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогчоор ажилладаг "TTJVCo”-той гэрээгээ шинэчлэхээс аргагүй нөхцөл үүсчээ. Ингэж гэрээгээгээ шинэчлэхдээ Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг "Монгол уурхайчин нэгдэл”-тэй байгуулсан гэрээний нөхцөлд ойртуулах үүргийг ТУЗ-өөс өгсөн гэв. Улмаар гэрээг өнгөрсөн сард байгуулж Цанхийн зүүн уурхайн 203 ажилтны ажлын байрны нөхцлийг дордуулахгүй, цалин, тэтгэмжийг бууруулахгүй нөхцөлтөөгөөр "TTJVCo” компанид шилжүүлэхээр болжээ.
"АЖИЛТНУУД ОЙЛГОЛЦОЛД ХҮРНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА”
Эдийн засгийн нөхцөл хүнд үед ажилтнуудаа цомхотгохгүйгээр ийм шийдвэр гаргасан боловч өнөөдрийн эсэргүүцэлд хүрсэн хэмээн компанийн удирдлагууд мэдээллээ. Энэ үеэр "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.
-Суулт зарласан ажилтнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байгаа. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Эдийн засгийн нөхцөл хүнд энэ үед бусад ААН-ийн ажилтнууд олноор цомхотголд орж байна. Энэ удаагийн асуудлын хувьд ажилтнуудыг шилжүүлж байгаа болохоос халсан зүйл байхгүй. Ямартай ч өчигдөр бүх ажилчдын хурал зохион байгуулж тодорхой тайлбар өгсөн. Энэ тайлбарыг ажилтнуудын дийлэнх нь хүлээн зөвшөөрч, ойлгосон. Харин цөөн тооны ажилтан өөрсдийн байр сууриа хадгалсаар байна.
Энэ шийдвэрийг Эдийн засгийн байнгын хорооноос чиглэл өгсний дагуу ТУЗ-өөс гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр улс орон, компани, ажилтан, хувьцаа эзэмшигч, гээд бүх талын эрх ашгийг бодсон.
-Ажилтнуудын зүгээс баталгаатай ажлын байртай байхыг шаардсан. Гэтэл "TTJVCo” компанид шилжсэн ажилтнуудын ажлын байранд нь нэг жилийн баталгаа өгсөнд суулт зарласан ажилтнууд бухимдаж байна?
-"Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьд ажилтнуудын сул зогсолт, ажлын байр хадгалахаас эхлээд бүх зардлыг үүрсээр ирсэн. Ийм байдлаар удаан байж чадахгүй. Цанхийн зүүн уурхайн асуудал бол компанийн ашигт ажиллагаа, ирээдүйд нөлөөлж байна.
Өнгөрсөн жил найман сараас хойш нэг тонн нүүрсний өртгийг хэт өндөр гэж үзсэн. Тухайн үед үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл ч үүссэн. Иймээс гэрээний үнийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсан. Нөгөө талаас "Чалко” компанид нийлүүлж буй үнэтэй харьцуулахад их хэмжээний алдагдал хүлээх байсан учраас энэ хэлэлцээрийг эхлүүлсэн. Үр дүнд нь нэг тонн нүүрс олборлох өртгийг хоёр дахин бууруулсан.
Мөн олборлогч компани, манай ажилтнуудын хооронд үл ойлголцол ч гарч байсан. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрээр маргааныг бүрэн шийдвэрлэсэн гэж үзсэн.
Гэрээнд зааснаар ажилтнуудын ажлын байрыг нэг жилийн хугацаанд баталгаатай байлгана гэж шийдвэрлэсэн. Манай ажилтнуудын хувьд цалингаа л тус компаниас авна. Түүнээс биш хийж буй ажлыг өөрчлөх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг багасгахгүй. "Эрдэнэс-Таван Толгой” ХК-д авдаг бүх цалин, тэтгэмжийг тэр чигээр нь олгоно. Ингэхдээ эхний жил ажилтны зүгээс ноцтой зөрчил гаргахгүй л бол өөр ямар нэг байдлаар халахгүй.
-"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хэдэн ажилтан энэ удаагийн эсэргүүцэлд оролцож байгаа вэ?
-Манай компанийн хувьд нийтдээ 610 орчим ажилтантай. Эдгээрийн 203 нь Цанхийн зүүн уурхайд ажилладаг. Цахнийн зүүн уурайн 203 ажилтнуудын асуудлыг л ярьж байгаа юм.
-Ойлголцолд хүрээгүй ажилтнуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ асуудлыг ойлгоно гэж найдаж байна.