Тайлбар
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагт хэвлэлийн бага хурал зарласан байна.
Энэхүү мэдээллийн үеэр мэдээлэл хийхээр ирсэн С.Эрдэнэ нь "өөрийгөө шатаасан” харамсалтай үйл явдал болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээс анх олж мэдлээ. С.Эрдэнийн энэхүү үйлдэл нь олон нийтийн газар, олон хүнийг цочроосон нөгөө талаар өөрийгөө хохироосон явдал болсонд харамсаж байна.
Тэрбээр энэхүү үйлдлээ хийхийн өмнө "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ төлөө болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа” гэж хэлээд өөрийгөө шатаасан байна.
"Эрдэнэс-Таван Толгой” ХК нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа бол "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийгөө шатаалгүйгээр эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм.
Энэ тухай Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэвч тэрбээр энэхүү хуулийн боломжийг бус харин эрүүл мэндээрээ хохирч, нийгэмд айдас төрүүлэхүйц үйлдлийг сонгосонд харамсаж байна. Тиймээс болсон үйл явдлыг зохих хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтоох биз ээ.