Ч.Жигжид: Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхнө
"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ч.Жигжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та энэ ажлыг аваад удаагүй байгаа. Таныг анх ирсэн үеийн санхүүгийн байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Санхүүгийн асуудал улам л хүндрэх төлөвтэй байна. Энэ нь зах зээлтэй шууд холбоотой. Компанийн ашиг тогтмол буурч, санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж байна. Эдийн засгийн таагүй энэ үед бид компанийн үйл ажиллагааг тасалдалгүй, жигд явуулах, мөнгөн урсгалыг хангаж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа. Мэдээж зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ байнга унаад байхгүй болов уу. Ирэх жилийн сүүлийн хагас гэхэд байдал дээрдэх байх гэсэн хүлээлттэй байна. Тэр хүртэл компанийг санхүүгийн хувьд сөхрүүлчилгүй үйл ажиллагааг нь явуулах нь чухал.
-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед та бүхэн менежментийн хувьд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Компани аль болох зардлаа бууруулах хэрэгтэй. Үйл ажиллагааны зардал болон бүтээгдэхүүний өртгийг ямар төвшинд бууруулж болох вэ гэх мэт нэлээн сайн тооцоолол хийх шаардлага үүссэн. Энэ асуудлын хүрээнд Цанхийн зүүн уурхайн гэрээг шинэчилэн байгуулсан гэж үзэж байгаа. Цанхийн зүүн уурхайн гэрээг ярихаасаа өмнө Чалкод төлөх төлбөрийн асуудлыг эргэн харах ёстой. Компанийг санхүүгийн хүндрэлтэй байдалд хүргэсэн нэг хүчин зүйл бол Чалко кампаниас зээлсэн 350 сая ам.доллар гэж хардаг. Тавантолгойн нүүрсний ордын нэг хэсэг буюу Цанхийн зүүн уурхайг барьцаанд тавиад л зээл авсан шүү дээ. Уг зээлийг авахад тухайн үеийн ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1350 төгрөг байсан. Харин одоо нэг ам.доллар 1980 төгрөгт хүрээд байна. Зөвхөн үүнээс үүдэн жилээс жилд гарч байгаа ханшийн зөрүүний алдагдал, зээлийн хүү, түүний нэмэгдүүлсэн хүүгээс компани өнөөдрийг хүртэл олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэ бүх ачааллыг компани үүрч явсаар өдийг хүрсэн. Мөн Чалкод төлөх 350 сая ам.долларын өрийг 115 сая ам.доллар болтол бууруулж чадсан. Энэ бүхнийг томоор харах юм бол "Эрдэнэс-Таван Толгой” ХК сайн ажилласан гэж үзэж болно. Хэрэв бидэнд энэ их хэмжээний санхүүгийн дарамт байгаагүй байсан бол Тавантолгой буюу энэ том төсөл өнөөдрийн байдлаас арай өөрөөр тодорхойлогдож, төсөөлөгдөж харагдах байсан.
-Цанхийн зүүн уурхайн гэрээг Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлтэй ойртуулж байгуулсан гэж ярьж байгаа. Эдийн засгийн хүнд үеийг эдийн засгийн хохирол багатай даван туулах алхмуудын нэг нь энэ байх. Гэрээний үндсэн нөхцөлийн талаар тодорхой ярихгүй юу?
-Цанхийн зүүн уурхайн гэрээ бол Чалкогийн өрийг дарахтай холбоотой л олборлолтын ажил. 2011 онд Макмахонтой байгуулсан гэрээ зардал дээр суурилсан. Тиймээс 2014 онд Макмахонтой байгуулсан дээрх гэрээг зайлшгүй зогсоох шаардлага үүссэн. Тухайн үед нэг тонн олборлолтын өртөг 44,6 ам.долларт хүрсэн. Үүнээс гадна зардлыг нь хянах механизем гэрээнд байгаагүй. Жишээ нь, зөвхөн менежментийн багийн зардал нь л гэхэд сард 3-5 сая ам.доллар нэхэмжилдэг. Тэгсэн мөртлөө бид дээр нь шатахуунаар ханган бас Макмахон компанид ажилладаг ажиллагсдынхаа цалин, түүнтэй холбоотой нийгмийн асуудлыг давхар шийдэж явсан. Мөн Чалкод төлж байгаа нүүрсний экспорттой холбоотой үүсэх татварыг нэмж төлдөг байсан. Энэ мэт асуудал нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьд асар их санхүүгийн дарамт болж ирсэн.Тиймээс олборлолтын зардлыг бууруулах чиглэлийг 2013 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол” ХХК болон "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-өөс Макмахонтай байгуулсан гэрээг Цанхийн баруун уурхайн олборлогчтой байгуулсан гэрээний нөхцөлтэй ойртуулах үүрэг өгсөн. Энэ үүргээ ч бид биелүүлсэн. Хуучин Макмахон компанийн нэг тонн нүүрс олборлох зардал 44.6 ам.доллар байсан бол шинэчилсэн гэрээгээр 23 орчим ам.доллар болгож хоёр дахин бууруулсан. Мөн бэлэн мөнгөний хомсдолтой, нүүрсний үнэ буурч, нийлүүлэлт багассан энэ үед Цанхийн зүүн уурхайн олборлолтын зардлыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлөх боломжийг гэрээндээ оруулж чадсан. Бидэнд нүүрсээр төлөх нь илүү ашигтай. Нэгдүгээрт, бид дутагдах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг зээл авч нөхөхгүй, хоёрдугаарт, борлуулалттай холбоотой ямар нэг эрсдэл үүрэхгүй, гуравдугаарт, зээл авахгүй учир хүүгийн дарамтад орохгүй. Эдийн засгийн энэ мэт үр ашгийг тооцож үзвэл бид гэрээг сайжруулж чадсан гэж үзэж байна.
-Цанхийн зүүн уурхайн олборлолт 2014 оны 8-р сараас зогссон. Уг зээлийн төлөлт ямар шатандаа явж байна вэ. Сард хүүнд нь хэчнээн ам.доллар төлж байна. Мөн арилжааны бусад банкуудад хэчнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ?
-Чалко компанид сард 10.4 хувийн хүү төлж байгаа. Арилжааны банкуудаас ганцхан ХААН банканд 6.5 сая орчим ам.долларын зээлтэй. Зээлээ хугацаанд нь графикийн дагуу төлж дуусгахад анхаарч ажиллаж байна. Одоо компанид гол тулгамдаж байгаа асуудал бол Хөгжлийн банкинд төлөх зээл. Энэ зээл компанид дарамт болж ирнэ. Тиймээс Хөгжлийн банкныхантай зээл, зээлийн хүүгийн асуудал дээр зохицуулалт хийх талаар ярилцаж байна. Мөн ТУЗ-ийн шийдвэрээр нүүрсний үнэ тооцох "Эрдэнэс” индексийг 2015 оны 3-р улирлаас эхлэн хэрэглэж эхэллээ. "Эрдэнэс” индексийн давуу тал нь дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэтэй борлуулалтын үнээ уялдуулах юм. Уг ажлын үр дүн гарч сүүлийн хоёр сарын байдлаар борлуулалт тогтворжих хандлагатай байна.
-Хөгжлийн банканд төлөх зээлийг улсад төлөх татварт хөнгөлөлт үзүүлэх, түүнд суутган тооцох зэргээр зохицуулалт хийх тухай асуудал яригдаж байсан. Энэ асуудал юу болсон юм бэ?
-Хүний хөгжил сангаас авах авлагаар олборлолт хийж байгаа оператор компаниудад шатахуун нийлүүлж байгаа компаниудын шатахууны онцгой албан татварыг хаах хэлбэрээр оператор компаниудад өгөх өглөгөө бууруулах зохицуулалт хийж байна.
-Цанхийн зүүн уурхайн олборлолтын шинэчилсэн гэрээгээр Чалкогийн үлдэж буй өрийг төлөхөд хэдий хэр хугацаа шаардагдах вэ?
-Гэрээнд зааснаар Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувь нь Чалкогийн өрөнд, 65 хувь нь олборлолтын зардлаа нөхөөд явах юм. Энэ хэмжээгээр тооцвол Чалкогийн өрийг дарахад хоёр жил орчим хугацаа шаардагдаж байгаа. Гэхдээ энэ нь Цанхийн зүүн уурхайгаас гарч ирэх коксжих нүүрс болон зах зээлийн үнээс ихээхэн хамаарна.
-Эрдэнэс-Таван Толгой” ХК, "TTJVCo” компанийн хооронд байгуулсан гэрээний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ямар байх бол?
-Нэгдүгээрт, Чалкод төлөх нүүрсийг тээвэрлэх гэрээ хийгдсэн тээврийн 18 монгол компани байдаг. Тэднийг нэгтгэсэн "Монгол тээвэрчид нэгтгэл”-ийн 1500 жолооч тогтмол ажлын байртай болно. Хоёрдугаарт, Цанхийн зүүн уурхайн олборлолттой холбоотой зарим нэг бүтээн байгуулалтын ажил болон олборлолт, тээвэрлэлттэй холбоотой шаардагдах шатах, тослох материал, засвар үйлчилгээ гэх зэрэг ханган нийлүүлэлтийн ажил хийгдэнэ. Үүнийг дагасан 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ. Гэрээтэй холбоотой үндсэн болон туслан гүйцэтгэгч компани, бусад аж ахуйн нэгжийн ажлын байр, үр ашгийг тооцвол нийт 4500 орчим тогтмол ажлын байр бий болно. Эдийн засаг хямралтай, ажлын байр хумигдаж байгаа энэ үед мэдээж эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
-Цанхийн зүүн уурхайн олборлолтын ажил удахгүй эхлэх нь. Харин Цанхийн баруун уурхайн олборлолтын гэрээний хугацаа дуусч тендер зарласан гэж сонссон. Баруун уурхайн гэрээний нөхцөлд өөрчлөлт орж байгаа юу?
-Жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Хуулийн дагуу нээлттэй тендер зарласан учир уул, уурхайн чиглэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцох эрх нь нээлттэй. Тендерийн техникийн үндсэн нөхцөл нь хуучин гэрээний нөхцөлтэй ижил байгаа гэж бодож байна.
-Та "Эрдэнэс-Таван Толгой” ХК сайн ажилласан гэж хэллээ. Иргэд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийг Оюутолгой, Энержи Ресурс, МАК зэрэг бусад компанитай харьцуулаад байдаг. Тэдгээр компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ ашигтай ажиллуулах зорилгоор баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байхад "Эрдэнэс-Таван Толгой” ХК юу хийв гэдэг. Гэтэл "Эрдэнэс-Таван Толгой” ХК-нд дээрх харьцуулаад байгаа компаниуд шиг шууд хөрөнгө оруулалт хийгдээгүй. Бүр 350 сая ам.долларын өр төлөхөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Чалкогоос авсан 350 сая ам.доллар бол Таван толгой төслийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй мөнгө. Тийм байтал "Эрдэнэс-Таван Толгой” ХК 350 сая ам.долларын өр төлөх үүргийг хүлээж аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 350 сая ам.долларын өрийг төлөхийн тулд үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлагатай байсан учир банкнаас зээл авсан. Энэ мэт санхүүгийн бүх асуудлыг таван жилийн турш үүрч, өнөөдрийг хүртэл явж байна. Хэдий санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудлууд байсан ч удирдлагын багаас зардлаа бууруулах оновчтой аргуудыг зөв сонгож чадсан. Уурхайд гүний гааль байгуулж, уурхайн аман дээрээс шууд экспорт хийдэг болсон зэрэг хийсэн олон зөв шийдэл нь өртөг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн. Цаашид Тавантолгой буюу монголын брэнд болсон Тавантолгойн коксжих нүүрсний үнэ цэнэ нь тээвэрлэлтийн зардлыг яаж бууруулахаас ихээхэн хамаарна.
Бусадтай харьцуулах юм бол бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй нь үнэн. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ тогтмол унаж байгаа энэ үед эргээд энэ нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-нд тогтмол зардлыг боломжтой түвшинд авч явах боломжийг бий болгож өгсөн. Хэрэв бүтээн байгуулалтын ажил ихээр хийсэн бол түүнтэй холбоотой үүсэх асар их тогтмол зардлыг компани дааж авч явж чадахгүй. Компани үйл ажиллагаагаа зогсоон хаалгаа барих байсан.
Ярилцсан танд баярлалаа.
А.Дөлгөөн